7:21 PM Сансарт холбоо тогтоож болох 10 мянга гаруй соёл иргэншил бий | |
Өдгөө одон орон судлалын ахмад зүтгэлтний нэг болсон профессор Дрейк шантрахыг харин өчүүхэн ч мэдрээгүй гэнэ. Тэрбээр харь гаригийн соёл иргэншил судлалыг үлгэр домог мэт ярианаас жинхэнэ шинжлэх ухаан болгоход хувь нэмрээ оруулсан хэмээн судалгаагаараа бахархдаг. Түүнийхээр хүн төрөлхтөн сансар огторгуйн уудам дахь оюун ухаантнуудтай холбогдох нь ердөө л цаг хугацааны асуудал гэнэ. Тэр цагт харь гаригийнхан хүн төрөлхтний шинжлэх ухааны түүхийг урьд байгаагүйгээр өөрчилнө гэдэгт Дрейк итгэлтэй байдаг. Түүнтэй санал нийлдэггүй судлаачид хүртэл харь гаригийн хаа нэгтээгээс нэг л өдөр мэдээлэл биш юм гэхэд энэ ертөнцөд баймгүй дуу авиа сонсогдоно гэж найддаг. Зарим сансар судлаачийн онцолдгоор дэлхийн тойрог замаас гадна элдэв хөлөг, хиймэл дагуул илгээхээс гадаад сансрын дуу авиаг сонсох нь хавьгүй хямд төсөр төдийгүй сансрын уудмыг судлах хялбар, үр дүнтэй арга юм. Иймэрхүү судалгаа амжилтад хүрэхгүй гэж боддог эрдэмтэд ч профессор Дрейк шиг зүтгэлтэй хүмүүсийг бууж өгч болохгүй хэмээн ятгадаг. Тэдний нэг Аризонагийн их сургуулийн сансар судлаач мэргэжилтэн Пол Дэвисийн хэлснээр хагас зуун жил энэ чиглэлээр дагнан судалгаа хийчихээд ямар ч дохио ирсэнгүй хэмээн няцах нь утгагүй юм. Харь гаригийнхнаас дохио хүлээх Дрейкийн "Сети” хөтөлбөр хоёр дахь 50 жилтэйгээ золгож буй энэ үед судалгаа одоо л үр дүнд хүрнэ гэж найдах хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, хагас зуун жилийн өмнөхтэй харьцуулахад техник технологи хэд дахин сайжирсан. Шинэ радио, дамжуулагчийн дуу авианы нарийн мэдрэгчтэй эд ангиуд одон орон судлаачдын ажлыг хөнгөвчилдөг. Калифорни дахь Сети судлалын хүрээлэнгийн ахлах судлаач Сеть Шостакийн хэлснээр сансрын дуу чимээг тандах ихэнх төхөөрөмжийн хурд дунджаар 18 сард хоёронтоо нэмэгддэг байна. Хоёр дахь шалтгаан нь, шинжлэх ухааны салбарын ерөнхий дэвшил. Дэлхий дээрх амьдрал дэлхийн ойролцоох халуун ч биш, хүйтэн ч биш гариг дээр үүссэн. 1995 он хүртэл энэ таамгийг болон манай нарны аймгийн гадна сансрын биет оршин байгааг батлах нэг ч баримт байдаггүй байв. Эрдэмтдэд харь гаригийнхантай холбоотой таамаг, дүгнэлт олон байсан ч нарны аймгаас гаднах биетийн нэг ч дүр зураг, баримт, тооцоо 15 жилийн өмнө байсангүй. Одоогоор нарны аймгаас гадна оршдог 500 гаруй гариг, сансрын биет хүн төрөлхтөнд мэдэгдээд байгаа. Алс холын гариг, хөрш ертөнцийн биетүүдийг таньж тогтоох НАСА-гийн "Кеплер” зэрэг дуран авай дахин хэдэн зууг илрүүлэхээр байна. Тэдгээрийн дунд амьдрал байх магадлалтай гариг нэг бус. Харь аймгаас тийм "амьд” гариг илрүүлж, холбоо тогтоох л "Сети” хөтөлбөрийн үндсэн зорилго юм. Хамгийн энгийн бичил биет ч дэлхийгээс гадна оршин байгаа гэдгийг бүрэн нотлох боломжгүй ч Тэнгэрийн заадсаар нэг сонин содон биет бий гэдэгт судлаачид эргэлзэхгүй байна. Сансрын уудам элдэв биетээр дүүрснээс гадна амины хүчил зэрэг дэлхийн шим мандалд элбэг байдаг бодис сансрын тоосонд их хэмжээгээр агуулагддаг зэрэг баримтаас үүдэн судлаачид ийн дүгнэдэг байна. Органик химийн хуулиар эгэл амьдралын үр хөврөл олон гаригт байх магадлалтай ч технологийн дэвшилтэт соёл иргэншил нарны аймгаас гадна хаа нэгтээ байгаа эсэхийг шинжлэх ухаан бүрэн тодорхойлж чадаагүй. Мөн гурван тэрбум жилийн тэртээ дэлхий дээр явагдсан нэг эст бичил биет олон эст амьд биет болон хувьссан явц сансрын уудам дахь хаа нэгтээ өрнөж байгаа үгүйг ч баримтжуулж чадахгүй билээ. Гэсэн ч энэ нь профессор Дрейкийг судалгааны ажлаас нь хөндийрүүлсэнгүй. Тэрбээр 1960-аад онд Дрейкийн хэмээн алдаршсан онолоо гаргасан юм. Түүнийхээр оюун ухаант соёл иргэншил дэлхий рүү жилд хэдэн сая дохио илгээдэг бөгөөд ийн дүгнэх үндсэн долоон шалтгаан бий гэнэ. Профессор Тэнгэрийн заадас дахь гариг эрхэсийн тоог ерөнхийлөн тооцсоны дээр нарыг тойрон эргэдэг гаригуудыг ч мөн багцаалахыг оролджээ. Тооны нарийн аргачлал ашиглан тэрбээр тэдгээр гаригийг амьдрал байж болох, амьдрал эхлүүлж болох, эгэл амьдрал нь дэвшилтэт соёл иргэншил болж болох, гадаад гаригийнхантай харилцдаг байж болох хэмээн ангилсан байна. Профессор Дрейкийн тооцоогоор Тэнгэрийн заадас дахь гариг эрхэсийн тоо 400 тэрбум орчим бөгөөд Сүүн замаас чанагш 300 саяын ард 12 тэгтэй бичигдэхүйц тооны гариг бий гэнэ. Түүний тооцоог энэ сарын эхээр гарсан Америкийн одон орон судлаачдын тайланд хүртэл хүлээн зөвшөөрчээ. Тэд Дрейкийн нэг тооцоог онцгойлон анхаарч буй гэнэ. Харь гаригийнхны дохиог хүлээгч "Сети” хөтөлбөрийг дэмжигч, эсэргүүцэгчдийн аль аль нь гадаад сансарт хүн төрөлхтөнтэй холбогдох магадлалтай 10 мянга орчим гариг, соёл иргэншил бий гэх профессорын тооцоог үнэнд хамгийн дөхсөн гэж үзсэн байна. Хэдийгээр зарим судлаач эл тоог дэндүү олон гэж дүгнэсэн ч сансрын уудмын аль нэг гариг дээрх эгэл амьдрал од, гариг, саран дээрх хими, биологийн урвал шиг хувьсан өөрчлөлтөд хөтлөгдөж оюун ухаант иргэншил болсон байх нь гарцаагүй. Нарнаас боломжийн зайтайгаас гадна биологийн олон талт таатай орчинтой нь дэлхийг амьдралтай болгосон. Мөн ганц том дагуул сар нь тэнхлэгээ эргэх болон тогтвортой уур амьсгал зэрэгт нь голлон нөлөөлдөг бол гадарга нь тектоник хөдөлгөөн, геохимийн өөрчлөлт зэрэгт дасамтгай, хувьсамтгай байдаг. Харин хувьсал, бүтцийнх нь юу нь ч тодорхойгүй гадаад сансрын соёл иргэншлийг хэрхэн илрүүлэх вэ. Дрейк нарын ихэнх судлаачийн үздэгээр орон зай, цаг хугацааг нарийн тооцож, алс зайг богино хугацаанд туулах аргачлалыг олчихвол харь гаригт хүрэхэд саад бараг байхгүй гэнэ. Өнгөрөгч хэдэн зуун жилд гадаад сансраас дэлхийд буусан харь гаригийнхны түүхийг судлах нь одоогоор гадаад соёл иргэншилд хүрэх ганц арга юм. Дэлхий дээр хөл тавьсан харь гаригийнхан өөрсдийг нь олоорой гэхдээ ямар нэг ул мөр, бодис үлдээсэн ч байж мэднэ, тэдгээрийг гагцхүү олох л хэрэгтэй гэж профессор Дрейк үздэг. "Сети” хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд радио холбоогоор сансрын уудмыг тандах нь огторгуйн хязгааргүй орон зайг судлах ганц арга байлаа. Радио төхөөрөмжүүд харь гариг судлалд өнөө ч голлох байр эзэлдэг ч радио идэвхт аргачлалыг сүүлийн үед компьютерийн программтай хослуулах нь нэмэгдээд байна. Хүлээн авагч 42 сонсох таваг бүхий радио, компьютер хосолсон төхөөрөмж анх 2007 онд "Microsoft”-ийг үндэслэгч Пол Аллений 25 сая ам.долларын хөрөнгө оруулалттайгаар ашиглалтад оржээ. Энэ нь хэдэн жилийн өмнөхөөс үр дүнтэй байх тун магадлалтай. Учир нь өнгөрсөн хагас зуун жилд гариг дэлхий өөрөө радио идэвхт бөмбөлөг болсон. Тиймээс дэлхий өдрөөс өдөрт харь гаригийнханд улам л олдож, танигдахуйц болж байгаа, Харь гаригийнхны хэрхэн оршин байгаа талаар санал зөрөлддөг олон асуудал байдаг ч Дэвис, Дрейк нар нэг зүйлд санал нийлдэг нь эрчим хүчээр цангагч харь ертөнцийнхөн дэлхийд ойртох цаг айсуй гэнэ. Харин эзлэхээр үү, эвлэрэхээр үү гэдгийг нь мэдэх аргагүй. | |
|
Total comments: 0 | |