menu
person

10:00 AM
ЦАЛИН НЭМЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛ БИЙ
Ирэх жилийн төсөвт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 53 хувиар нэмнэ гэж Засгийн газар мэдэгдсэн нь чухам цагаа оллоо. Эс тэгвээс юу юугүй л эрдэмтэд, багш нар цалингаа нэмүүлэхийн тулд босч тэмцэх гээд байсан. Тэдний араас олон ч төсвийн байгууллагынхан нэмэгдэх байсан нь эргэлзээгүй. Ямартаа ч сонгууль болтол Засгийн газрын "чихнээс хонх уях нэг шалтгаангүй” боллоо. Харин цалин нэмнэ гэдэг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хүндээр тусч мэдэх юм. Өнгөрсөн 4 дүгээр сард цалингийн доод хэмжээг 140.400 төгрөг болгосон. Гэтэл одоо хүртэл энэ хэмжээнд хүрч ажилчдынхаа цалинг өгч чадаагүй салбар бас байгаа билээ. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатарын хэлснээр бол эрчим хүч, дэд бүтэц, барилга, зам тээврийн салбарууд цалингийн доод хэмжээг ихэсгэхэд алзахгүй дааж гарчээ. Харин хөдөө аж ахуй, үйлчилгээ, жижиг дунд үйлдвэр эрхлэлтийн зарим салбарт цалингийн доод хэмжээг 140.400 төгрөг болгож чадаагүй байна. Тиймээс МАОЭНХ энэ оны эцэст гэхэд эдгээр газруудын цалингийн доод хэмжээг ихэсгэхийн төлөө ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. Х.Ганбаатараас Засгийн газрын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 53 хувиар өсгөх шийдвэрийн талаар МАОЭНХ ямар байр суурьтай байгааг нь лавлахад, Засгийн газраас цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж монгол хүний хөдөлмөрийн үнэлгээг өсгөе гэснийг МАОЭНХ бүрэн дэмжиж байгааг тэрбээр хэлээд "Хэрэв төрд боломж байгаа бол төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэхийг бид дэмжинэ. Гэхдээ анхаарах зүйл байна” гэж сануулсан юм. 2008 онд цалин, тэтгэврийг нэмэхэд жижиг, дунд үйлдвэрүүдэд тогтвортой ажлын байр 30 хувиар хорогджээ. Тийм учир цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 53 хувиар өсгөвөл хувиараа жижиг, дунд үйлдвэр эрхэлж байгаа эздэд хүндээр тусах магадлалтай аж. "Төрийн албан хаагчдын цалинг нэмж болно. Харин үүнтэй уялдаад хувийн хэвшлийн үр ашиг, эдийн засгийн тогтвортой байдал хэрхэн хангагдах талаар Засгийн газар тодорхой бодлого гаргах ёстой. Хэрэв 2012 онд цалин, тэтгэвэр, тэтгэмж 53 хувиар нэмбэл энэ нэмэлттэй холбоотойгоор хувийн хэвшилд үүсч болох хүндрэлүүдийг хөнгөлөхөд чиглэсэн тодорхой бодлогын арга хэмжээг төлөвлөгөөндөө тусгаарай гэж бид Засгийн газарт албан ёсоор хэлж байна. Засгийн газрын бодлоготой холбоотой хамгийн их хүндрэл учирч болох салбар бол жижиг, дунд үйлдвэрлэгчид нэн ялангуяа хөдөөгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид болж байна” гэж Х.Ганбаатар ярьсан. Тавиас дээш ажилчинтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 53 хувийн цалингийн өсөлт сөргөөр нөлөөлөхгүй юм гэсэн судалгаа бий гэнэ. Гэтэл тавиас дээш хүнтэй үйлдвэрүүд нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн тоо Үндэсний статистикийн хорооны гаргасан судалгаагаар 2.8 нь хувь л байдаг байна. Харин үлдсэн хувь нь тавиас доош ажилчинтай аж ахуйн нэгжүүд ажээ. Тиймээс Х.Ганбаатар "2012 онд эдийн засаг, бизнесийн орчныг таатай болгоход илүү анхаараарай гэдэг албан ёсны хүсэлтийг бид Засгийн газар, нийгмийн түншлэлийн хоёр талдаа бид хэлж байгаа. Үйлдвэрчний Эвлэлд бид хөдөө орон нутгийн ҮЭ-ийн гишүүдээс ажилгүй хүмүүс гарч ирнэ шүү. Өрхийн орлого хомсдож, ядуурал нэмэгдэж болзошгүй шүү. Энэ асуудалд ҮЭ-ийн байгууллага анхаараарай гэж бид сануулсан” гэж байлаа. МАОЭНХ аж ахуйн нэгж байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг явуулахад чиглэсэн эдийн засгийн таатай нөхцөл бүрдүүлэхэд тустай хэд хэдэн арга хэмжээг Засгийн газарт санал болгож байна. Хамгийн түрүүнд Засгийн газар төрийн өмчийн монополь аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах ёстой гэж тэд үзэж байна. Хэрэв цахилгаан дулаан, эрчим хүчний үнийг нэмбэл шууд л инфляци өсч аж ахуйн нэгжүүдэд маш хүнд дарамт болно гэнэ. "Бид Засгийн газар цалин нэмэхээс өмнө бүх гишүүддээ хандаж зөвлөмж гаргах гэж байгаа. Цалин нэмэх нь тодорхой боллоо. Бэлтгэлтэй байж шоконд орохгүйгээр давж гарах бэлтгэлийг хангаарай гэж гишүүддээ хандан эртхэн мэдээллийг өгье гэсэн бодолтой байгаа. Хувийн хэвшлийнхэн бол өөрийнхөө хөрөнгөөр бизнес хийж байгаа хүмүүс. Мэдээж тэд цалин нэм гэсэн шийдвэр гаргангуут л компаниа хаагаад л дампууруулчихгүй л дээ. Гэхдээ одоо яаж бүгд үүнийг давах вэ? гэдэг аргыг бодож олох нь чухал байна. Би танай агентлагаар дамжуулж, Төрийн шийдвэртэй уялдаатайгаар бид өөрсдийн өмнө тулгарсан хүндрэл бэрхшээлийг яаж давах уу гэдэг бодлогыг хувийн аж ахуйн нэгжийн эзэн болгон бодох ёстой. Эртнээс л арга замаа бодож байж л бид өөрсдийнхөө бизнесийг хадгалж авч гарна. Энэ бол бидний үүрэг гэдгийг хэлмээр байна” гэж ажил олгогч эздээ Х.Ганбаатар хандаж хэлэв. Тэрбээр ажил олгогч эздэд хандан, "Манай гишүүд аль болох ашиг орлогоо нэмэгдүүлэх, зардлаа хэмнэх хэрэгтэй байна. Бүтээмжээ өсгөхийн төлөө байгууллага бүр анхаарах хэрэгтэй. Борлуулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Шинэ техник технологи нэвтрүүлэх, эдийн засгийнхаа үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ААН, жижиг, дунд үйлдвэрлэгч болгон л бодож байхгүй бол бидний өмнөөс хэн ч бодох гэдгийг л хатуу ойлгох хэрэгтэй” гэв.
Category: Улс төр Эдийн засаг | Views: 690 | Added by: bloodserver | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]